Гүйцэтгэх захирал Ц.Өнөржаргал Unread сайтын "Би хэрхэн ажилладаг вэ?" буланд оролцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2019 / 11 / 28

Өнөөдрийн дугаартаа бид эрчүүд зонхилсон мэдээллийн технологийн салбарт тун амжилттай ажиллаж, манлайлж яваа, Asterisk Technologies компанийн гүйцэтгэх захирал Ц.Өнөржаргалыг урилаа. Тэрээр компаниа удирдан Бельгиэс гаралтай, байгууллагын нөөц төлөвлөлтийн олон улсын програмын нөү-хауг Монголд нутагшуулж, "Odoo" хэмээх ERP cистемээ Монголын 100 гаруй томоохон аж ахуйн нэгжид нэвтрүүлээд байгаа юм. 2011 онд МУИС-ийн Математик, компьютерын сургуулийг төгссөн зочин маань үндсэн ажлынхаа хажуугаар уран зураг зурах хоббигоо улам бүр хөгжүүлэхээр саяхнаас СУИС-ийн уран зургийн ангид суралцаж эхэлжээ. Ингээд 30 гаруй ажилтантай технологийн компанийн жолоог атган яваа түүнтэй уншигчдаа уулзуулъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажилAsterisk Technologies компанийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Unurjargal Ts (LinkedIn), Unurjargal Tsoodol Erp (Facebook)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Манай компани Od ERP хэмээх ERP системийг аж ахуйн нэгжүүдэд санал болгохоос гадна өөрсдөө ч дотоод үйл ажиллагаандаа ашигладаг. Энэ хүрээнд бүх ажлаа ERP систем дээр төлөвлөж, үйл явц, гүйцэтгэлээ тогтмол хянаж байна. Ажлын хэмнэлийн хувьд ихэвчлэн өдрийн цагаар хүмүүстэй уулзалт, хурал хийдэг бол ажил тарсны дараа ганцаараа төвлөрч суун, бусад ажлуудаа амжуулдаг. Бид дотоод уулзалт, хурлуудаа даваа, лхагва гарагт хийж, захиалагч, борлуулалтын уулзалтаас авхуулаад бусад ажлуудаа үлдсэн өдөрт хийдэг юм. Ажил өглөө 8.30 цагаас эхэлдэг ч би өнгөрсөн есдүгээр сараас СУИС-д уран зургийн ангид сурах болсон учраас зарим өглөө хичээлдээ сууж, өдөр нь ажилдаа ирж байгаа.

Бид 2013 оноос хойш Бельги улсаас гаралтай Odoo ERP cистемийг нутагшуулж, бизнесийн менежментийн цогц програм хангамж Od ERP системийг Монголын 100 гаруй аж ахуйн нэгжид нэвтрүүлээд байгаа. Уг системийн гол онцлог нь нээлттэй эхтэй буюу кодыг нь чөлөөтэй өөрчлөх боломж юм.

ERP (Enterprise Resource Planing) систем бол байгууллагын нөөц төлөвлөлтийн програм гэж хэлж болно. Аж ахуйн нэгжид шаардлагатай бүх төрлийн програмын цогц шийдэл юм. Компаниудад зөвхөн санхүүгийн алба нь тусдаа програм ашиглан тайлан, тооцоогоо гаргаж, бусад алба нь энгийн хэрэглээний програм дээр ажиллах нь бий. Ингэснээр компанийн орлого, зарлага, бүртгэлтэй холбоотой бүх ачаалал нягтлан дээр ирж, зөвхөн нэг хүн ихэнх өгөгдлийг програм руу шивэх шаардлагатай болдог. ERP систем нь ажлын ачааллыг анхан шатны ажлын байруудад нь жигд хуваарилж, ажлын уялдаа холбоог сайжруулан цаашид дараагийн алхмаа төлөвлөх, зөв шийдвэр гаргах гол хэрэгсэл болдог.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Бидний ажлыг ERP системгүйгээр төсөөлөх, зохион байгуулахад бэрх. Ажил дээр хэн ирсэн, чөлөө авсан, гадуур ажилтай байгааг програм дээрх дундын календариасаа шууд харж болно. Нягтлан руугаа залгаж орлого, зарлагын мэдээллийг лавлаж асуух шаардлагагүйгээр дансны үлдэгдлээ шууд програмаасаа шүүх боломжтой. Захиалагчаас ирсэн гомдол, санал, шийдвэрлэсэн байдал зэргийг шууд ERP-аасаа харна. Ажилчдын KPI гүйцэтгэл сарын төгсгөлд автоматоор тооцоо хийж, түүний дагуу цалин бодогддог юм. Өөр програм гэвэл компьютерынхоо Notes дээ уулзалт, хурлынхаа тэмдэглэгээ хийдэг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ? 

Би ер нь хурдан хэв маягтай хүн. Аль болох хурдан алхаж, хийж, товч ярихыг хичээдэг. Хүнтэй ярихдаа ч гол санаагаа товч, тодорхой илэрхийлж, хурал, уулзалтын үеэр гол асуудлаа богино хугацаанд хэлэлцэж шийдэхийг эрмэлздэг. Тиймээс бусдыг ч ажлаа аль болох товч тодорхой, хурдан ярьж, хийхийг зөвлөдөг. Код бичсэн ч хэн ч уншаад ойлгох хэмжээнд бичиж, дараагийн хүн ойлгоод засахад бага цаг зарцуулахаар бичихийг хөгжүүлэгч нартаа хэлдэг. Миний компьютерын маусны хөдөлгөөн хүртэл хамгийн хурдан дээрээ байдаг (инээв).

Зарим байгууллага хуралдахдаа протокол хөтлүүлэхийн тулд тусдаа хүн томилдог. Тэмдэглэл хөтлөгч нь протоколоо бичээд, дараа нь хурал дууссаны дараа компьютер дээр шивэх гэж хуралд зарцуулсан цагтай тэнцүү хугацааг үрэх нь бий. Харин манай компанийн хувьд ямар ч уулзалт хийсэн дуусахад протокол нь бэлэн байдаг. Хурлаа өөрөө удирдангаа протоколоо зэрэг хөтлөх чадвартай байхыг ажилтнуудаасаа шаарддаг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Өмнө хэлсэнчлэн, миний хийж буй бүх ажил ERP системтэй уялдаатай байдаг. Ажлуудын төлөвлөгөө, үйл явц, гүйцэтгэл, хяналт уг системд байдаг учраас хурал дээр програмаасаа ажлын явцаа хянан, хурлаа удирддаг тул хүн бүрийг дуудаад ажлыг нь асуугаад байх шаардлагагүй. Ажлын төлөвлөгөө, уулзалт, хурлын товийг ERP-ийнхаа дотоод календарь дээр бүртгэдэг тул манай ажлынхан нэг нэгнээ хаана, юу хийж байгааг шууд харах боломжтой.

.......

Үргэлжлүүлж унших

МТИСШалгалтанд тэнцлээ.

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.